ТӨР НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН

ХАНАШИЙН ТЕХЕНАЙ

Ханаш овогтой Техенай 1958 онд Баян-Өлгий аймгийн Цагааннуур суманд Ханашийн 2-дахь хүү болон мэндэлж, 8 нас хүртэл Цагааннуурын хүүхдийн цэцэрлэгт хүмүүжжээ. 1966-1974 онд Цагааннуурын 8-жилийн сургууль, 1974-1976 онд Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техникумд элсэн суралцаж малын бага эмч мэргэжлээр, 1982 онд Ховдын нам, улс төрийн ажилтаны бэлтгэл курс, 1986-1989 онд Улаанбаатар хотод Д.Сүхбаатарын нэрэмжит Намын дээд сургуулийг улс төрийн ажилтан, нийгэм судлалын багш мэргэжлээр, 1990 онд Удирдах ажилтаны мэргэжил дээшлүүлэх институтыг тус тус төгсжээ.

Анхны ажлын гараагаа Баянхонгор аймгийн Гурванбулаг сумаас эхэлж, мэргэжлээрээ 2 жил, Баян-Өлгий аймгийн Толбо суманд нэг жил ажиллаж байгаад,1980-1983 онд Зүүнбаянгийн Ардын армид цэргийн албыг нэр төртэй хааж, тухайн онд төрөлх нутаг Цагааннуурт ирж Хувьсгалт залуучуудын Эвлэлийн үүрийн даргаар томилогдон ажиллажээ. Ажиллах хугацаандаа амжилт бүтээлээрээ шалгарч 1985 онд ОХУ-ын Москва хотод Олон улсын залуучуудын XIY фестивальд төлөөлөгчөөр оролцож байв.

Х.Техенай нь 1990-1994 он хүртэл Цагааннуурт сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга, 1994-1998 онд тосгоны засаг дарга, 1999-2000 онд Хадгаламж банкны Баян-Өлгий аймгийн Цагааннуур дахь салбарын захирал, 2000 оны 9 сараас эхлэн Цагааннуурын Нефть хангамжийн газрын даргаар ажиллаж байгаад 42 насандаа нас эцэслэжээ.

Х.Техенай Улс төр, нийгмийн идэвхээрээ манлайлан Цагааннуур Тосгон болон Ногооннуур сумын ИТХ-д 1990-2000 онуудад 3 удаа сонгогдож байснаас гадна Цагааннуур тосгоны МАХН-ын даргаар сонгогдон ажиллаж байв.

Төр засгаас Х.Техенайн улс орондоо шингээсэн хөдөлмөр бүтээлийг өндөрөөр үнэлж Ардын хувьсгалын 70 жилийн ойн медаль, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтан гадас” зэрэг төрийн дээд одон медалиудаар шагнаж байв.